Ховор, нандин авъяас, мэдрэмжээрээ рок, попын ертөнцөд өөрийн гэсэн дүр төрхийг үлдээж, өөрийн “Ганг« нэрээ тамгалж чадсан хөгжимчин, ая зохиогч, дуучин Ганга гурван жилийн тэртээ хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн.

Тэрбээр дөрвөн охины аав байсан юм.

Тэгвэл өдгөө түүний охид болох Г.Бөртэ-Үжин, Г.Билгүүн-Үжин, Г.Дөлгөөн-Үжин нар өөрсдийн “Ujin’s handmade« нэртэй нэхмэл, гар урлалын брэнд бүтээгдэхүүнээ хийж, худалдаанд гаргаж эхэлжээ.

Охидын хувьд өдгөө 13-23 настай боловч өөрсдийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн ийнхүү нэрийн брэндээ гаргаж эхэлсэн бөгөөд хэдийнэ өөрсдийн гэсэн худалдан авагчтай болж амжсан байна.

Тэдний ээж, дуучин Daisy “Би тэр бүр охидынхоо энэхүү нэхмэл, гар урлалын брэнд бүтээгдэхүүний ажилд гар бие оролцож амждаггүй ч, аль болох дэмжиж туслахыг хичээдэг. Эндээс олсон орлогоороо ээждээ бага ч болов нэмэр болдог шүү” гэдгийг онцолж байв. Ташрамд дуулгахад, “Madness” хамтлагийн анхны соло гитарчин, ая зохиогч Ганга агсаны үүсгэн байгуулсан “Ганг рекордс”-оос үзэгч сонсогчдын сэтгэлд хоногшсон, дуулах дуртай, дурсамж сэдрээсэн олон арван киноны дуу төрөн гарсан.

Тухайлбал, “Зөрлөг” киноны дуу, “Халамцуу салхи”, “Хайр нь арыг нь даана”, “Амьдрал чамд”, “Гэртээ харих зам« зэрэг киноны дууг мэдэхгүй хүн ховор. Харин өдгөө авьяаслаг хөгжимчин аавынхаа нэрийг дахин дуурсгахаар охид нь өөрсдийн гарын ур дүй, хязгааргүй сэтгэлгээгээрээ загварын ертөнцөд хүч түрэн орж ирлээ.

By admin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!