Реппер Цэцэ нэрээр олны танил болсон Н.Цэцэнбилэг бандгар бүсгүйн эрэлд гарчээ. Тодруулбал, тэрбээр махлаг мяраалаг, үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг магтан дуулсан шинэ уран бүтээлээ тун удахгүй үзэгчдийн хүртээл болгохоор зэхээд байгаа аж. Улмаар тус уран бүтээлийнх нь клипэнд тоглох бандгар, царайлаг эмэгтэйг хайж байгаа гэнэ шүү.

Реппер залуугийн хувьд өдгөө 34 настай, хоёр хүүхдийн аав. Багаасаа эгчтэйгээ өссөн тэрбээр эмэгтэйчүүдийн асуудлыг ихээхэн ойлгодог гэдгийг эхнэр нь ярилцлага өгөхдөө ярьж байв. Эрхэм репперт анх Уорон Жигийн цомгийг эгч нь анх төрсөн өдрийн бэлэг болгон өгсөн бөгөөд тэр цагаас хип хоп хөгжимд дурласан гэдэг.

2004 онд “Vanquish” хамтлагийг байгуулж залуусыг байлдан дагуулсан “Excel” дууг гаргаж, 2008 онд “Hood” дуугаа сонсогчдод хүргэж байв. Удалгүй хамтлагийн гишүүд бүгд гадаадад мэргэжил дээшлүүлэхээр явцгаасан бөгөөд 2010 онд эргэн нэгдэж, “Vanquish” хамтлагийн анхны “Юу байна, Түвээнэ” тоглолтоо “Open air”-т хийж, 5000 гаруй үзэгчийг нэг дор цуглуулсан. Цэцэнбилэг интерьер дизайнер мэргэжилтэй.

Багаасаа зурах, модоор юм хийх дуртай, Хүүхдийн ордны зургийн дугуйланд явдаг, зураач болно гэж мөрөөддөг байсан бөгөөд ТИС-ийн интерьер дизайны ангид элсэж нэг жил суралцаад 2006 онд АНУ-ыг улсыг зорьсон. Тэнд Небраска мужийн Metropolitan сургуульд интерьер дизайны чиглэлээр сурч, ажиллаж амьдарч байгаад 2012 онд эх орондоо эргэн иржээ. 2008 оноос АНУ-д бие даасан уран бүтээлээ эхэлж, гэртээ микрофон, компьютер хоёрын тусламжтайгаар дуу хийж эхэлсэн. Монголд ирээд мэргэжлээрээ есөн сар хувийн компанид ажилласан.

 

Түүний хамгийн анхны дуу нь “TJ” энтертайнмэнтийн бүтээл “Миний пүүз” дуу юм. Харин анхны цомгоо “220” нэртэйгээр 2008 онд гаргасан билээ. 2009 онд “Халзан толгой, хоёр соёо”, “2012”, 2011 онд “Нийслэл хүү” цомгоо тус тус гаргасан. Эдгээр цомгууд нь “Hi-Fi” хөгжмийн сүлжээ дэлгүүрийн шилдэг борлуулалттай цомгийн жагсаалтад багтсан. 2008 онд “Миний пүүз” “Mongolian Music Video Awards” наадмын олны таашаалд нийцсэн клип, 2010 онд “Diss to 76” дуугаараа “Mongolian Music Video Awards” наадмын шилдэг хип хоп клип шагналыг хүртжээ. Хамгийн сүүлд “Таш таш” хэмээх уран бүтээлээ гаргасан билээ.

“Намхан” нэртэй дуугаараа мөн л олны анхаарлыг татаж чадсан. Дуу бүтсэн “нууц” нь реппер Жийтэй холбоотой. Реппер Gee буюу Т.Мөнх-эрдэнэ түүнийг байнга намхан гэж гоочилдог учраас “Намхан нуруутай байх нь хамаагүй, өндөр зорилготой байх нь чухал” хэмээн тэрбээр дуугаараа хариуг нь барьж байсан удаатай. Тэрээр хоол сайн хийдэг. АНУ-д суралцаж байх хугацаандаа олон ажил давхар хийдэг байсны нэг нь Япон ресторанд тогооч байв. 2013 онд хувцас загварын салбарт хөл тавьж, найзтайгаа хамтран S.M.O.K бренд байгуулжээ. Энэ талаар “Монголдоо үйлдвэрлэл хийе гэж ярьдаг ч дандаа ноолууран бүтээгдэхүүн хийдэг. Залуус өмсье гэхээд яг гоё стильтэй хувцас байдаггүй. Ярилцаж байгаад тийм орон зай байна гээд хийж эхэлсэн. Цаашдаа “Смок” брэндээ дэлхийд гаргах төлөвлөгөөтэй байна. Анх байгуулахдаа л олон улсад гаргана гэж төлөвлөсөн” хэмээж байв. Харин 2019 онд “SOYO” нэртэй хувцасны брэндээ “Шангри-Ла Мall”-д нээж, худалдаанд гаргаж эхэлсэн.

Мобиком” компаниас зарласан “Зүрх бүхний төлөө” зорилтот хөтөлбөрийн хүрээнд “Гэр бүлийн номын сан байгуулах” төсөл санаачилж байсан.Төсөл хэдиий дэмжигдээгүй ч гэсэн таван сая төгрөг авсан бөгөөд 2014 онд “Ном ба ирээдүй” нэртэй хандивын тоглолтыг зохион байгуулж, олсон орлогоо нэмэрлэн Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн агуулахын өрөөг “Гэр бүлийн уншлагын танхим” болгож тохижуулсан юм. Түүний зурах, дуулахаас гадна өөр нэгэн авьяас нь жүжиглэх. 2016 онд “Хоёр гүүрний цаана” кинонд Саруул хэмээх гол дүрийг бүтээсэн. Мөн тус киноны “With You” дууг эмэгтэй реппер NMN хамтран дуулсан. Түүний хувьд анх удаа кинонд тоглож, хувь хүнээсээ илүү зөөлөн дүр бүтээх шаардлага тулгарсан бөгөөд дүрээ бүтээхийн тулд 10 кг жин нэмсэн гэдэг. Мөн тус ондоо “Гацуурхан” кинонд хал цэрэгийн туслах дүрийг бүтээжээ.

By admin

error: Content is protected !!