May 22. 2019.   6:58 am

​Ж.Хичээнгүй: Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийг зургадугаар сард бүртгэнэ

Түрээсийн орон сууцтай холбоотой асуудлаар Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-ийн захирал Ж.Хичээнгүйтэй ярилцлаа.

“Буянт-Ухаа 2” хорооллын хоёрдугаар ээлжийн 972  айлын орон сууцны барилгын ажил дууссан уу, хэзээнээс иргэдийг оруулах вэ. Нийгэмд хүлээлт маш их байна?

-972 айлын орон сууцыг түрээсийнх болгох уу, худалдан борлуулах уу гэдгийг Засгийн газар шийднэ. Харин түрээсийн орон сууцыг цаашид өмчлөх боломжтой болсноор иргэдийн дунд маш их хүлээлт бий болсон байна. Өвлийн улиралд дулаанаа авч чадаагүй  учраас 972 айлын орон сууцыг ашиглалтад оруулах хугацаанаас гурван сараар хойшилсон. Одоогийн байдлаар дотор заслын ажил үргэлжилж байна.  “Буянт-Ухаа 2” хорооллын хоёрдугаар ээлжийн 18 барилга бий. Үүнээс эхний гурав нь оршин суугчаа хүлээн авахад бэлэн болсон. Гэхдээ нийтэд нь хүлээлгэж өгөх ёстой учраас энэ сарын дундуур гэхэд улсын комисст хүлээлгэж өгнө гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Улсын комисс хүлээж авсны дараа бүртгэлийн ажлыг албан ёсоор эхлүүлнэ. Зургаадугаар сараас бүртгэлийн ажлыг эхлүүлнэ гэж ойлгож болно.  

-Хөгжлийн банкнаас санхүүжилт гаргасан учраас түрээслэх эсэхэд тэдний саналыг харгалзах уу. Хөгжлийн банк 972 айлын орон сууцыг түрээслэхэд ямар байр суурьтай байгаа вэ?

-Хөгжлийн банкнаас заавал бэлэн мөнгө биш хэлбэрээр байж болно гэж үзсэн. Улсын төсөвт суулгана гэсэн бичиг юм уу вексель, үнэт цаас зэрэг хэлбэрээр шийдвэрлэхийг санал болгож байгаа. Цаашдаа түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэхийн тулд хөрөнгийн эх үүсвэрийг хамгийн бага хүүгээр тооцох ёстой  юм билээ. Бид Хөгжлийн банкнаас долоон хувийн хүүтэй зээлээр авч байгаа нь харьцангүй өндөр тусч байгаа юм.

-Түрээсийн орон сууцыг өмчлөх боломжтой болсон. Үүнтэй холбоотойгоор иргэд хэр хандаж байна вэ.  Түрээсийн орон сууцны журмыг эцэслэн баталсан уу?

-Түрээсийн орон сууцыг өмчлөх шийдвэр гаргасантай холбоотойгоор иргэд ТОСК-д олноор хандах болсон. Одоогоор  энэ журмыг эцэслээгүй байна. Засгийн газрын шийдвэрийг БХБЯ болон манай корпораци албажуулж ирүүлэх учиртай. Үүний дараагаар бид дагалдах журамд өөрчлөлт оруулна. Ингэснээр түрээсийн орон сууцанд амьдарч байгаа болон өмчилж авах хүсэлтэй иргэдтэй нэмэлт гэрээг шинээр байгуулах юм. Нэг ёсондоо түрээсийн гэрээг дуусгавар болгоод өмчилж авах гэрээг шинээр хийнэ гэсэн үг.  Хоёр талын гэрээний үндсэн дээр  урьдчилгаа 30 хувиа бүрдүүлэх  эсвэл таван жилийн хугацаанд нийт төлбөрөө хувааж төлөөд өмчлөлдөө авах уу гэдгийг шийдэх юм.  

-Сар бүрийн түрээсийн төлбөр дээрээ нэмээд таван жилийн хугацаанд урьдчилгаа 30 хувиа хуримтлуулснаар иргэд түрээсэлж байгаа орон сууцаа хувьчлах боломжтой болно гэсэн үг үү?

-Тийм ээ. Иргэд түрээсийн төлбөрөөс гадна урьдчилгаагаа бүрдүүлнэ. Сар бүр түрээсээ төлж, урьдчилгаагаа тусгай нэрийн данс үүсгэж, бага багаар хуримтлуулах юм.

-Таван жилийн дотор байрны үнийг хуваан төлөх боломжтой гэж байсан. Энэ хугацаандаа байрны үнэнд хүү тооцогдох уу. Эсвэл хүүгүйгээр таван жилийн хугацаанд төлбөрөө төлөх үү?

-Хөгжлийн банкны эх үүсвэртэй уялдаж явна. Хүү өгөх үү эсвэл нэмэлт мөнгө төлөх үү гэдгийг холбогдох журмаар шийдвэрлэнэ. Талууд журмаа эцэслэсний дараа энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл гарна. Худалдаж авахад  нэг ам метр нь 1.350 мянган төгрөг байгаа шүү дээ. Тэгэхээр ойролцоогоор 1.380 орчим болж өөрчлөлт орох болов уу.

-“Буянт-Ухаа 2” хорооллын хоёрдугаар ээлжийн орон сууцны хуваарилалтыг НОСК руу шилжүүлэхээр болсон байна. Ямар учраас шилжүүлэх гэж байгаа юм бэ?

 -Одоогоор манайх 240 орчим тэрбум төгрөгийн өртэй  байна. Анх 380  орчим тэрбум төгрөгийн өртэйгөөр  хүлээж авсан. Хоёр жил гаруйн хугацаанд ажиллахдаа 180 орчим тэрбум төгрөгийг өөрсдийн үйл ажиллагаагаар барагдуулсан. Үүнтэй холбоотойгоор цаашид шинээр барилга барих ажлаа хэрэгжүүлж чадахгүй болох нөхцөл үүсээд байгаа юм. Одоо үүссэн өрөө шийдэж байж шинээр зээл авах, томоохон ажлыг эхлүүлэх боломжтой болно. Үүний дээр “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын болон гурван  аймагт  ТОСК-ийн захиалгаар барьсан орон сууцны төлбөр болох 110 гаруй тэрбум төгрөгийг улсын төсвөөс шийдвэрлээгүй. Тиймээс ТОСК нэмэлтээр ажил авах боломжгүй болчихоод байгаа юм.  Учир нь манай корпорац дээрх өрнөөс болоод чанаргүй зээлдэгчийн ангилалд орчихсон.  Үүнтэй холбоотойгоор өр зээлгүй учраас НОСК руу шилжүүлэх боломжтой  талаар ярилцаж байна. Гэхдээ эцэслэн  шийдвэрлээгүй байна. Эдгээр өр төлбөр бол буруу менежментээс үүдэлтэй. Тухайлбал,  дуусаагүй барилгуудыг олноор үлдээсэн. Угтаа тухайн байшинг барьж ашиглалтад оруулах учиртай. Харин үүний ашгаар буюу хөрөнгөөр дараагийн барилгыг санхүүжүүлэх ёстой байсан ч ингэж ажиллаагүйгээс багагүй хэмжээний өр төлбөр хуримтлагдаад байна.

-Шаардлагатай  хөрөнгийг төсөвт суулгаагүйгээс болоод ТОСК төдийгүй  Хөгжлийн банк хүнд байдалд орж болзошгүй гэж албаныхан ярьсан. Цаашид ийм байдлаас хэрхэн гарах юм бэ?

-Энэ тухайд өмнөх Засгийн газраас тодорхой шийдвэр гаргаж байсан. Түрээсийн орон сууцны санд шилжүүлсэн 84 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаж ТОСК-ийн зээлийг шийдэх тухай шийдвэр гаргасан байсан. Гэвч манай улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т  хамрагдсантай холбоотойгоор дээрх шийдвэр хэрэгжих боломжгүйд хүрсэн байдаг. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн жил таван тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан. Одоогоор ТОСК Хөгжлийн банкинд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл харьцангуй бага. Бидний зүгээс орж ирсэн хөрөнгийг аль болох зээлийн хүү болон үндсэн төлбөрөөс хасуулаад явж байна.

-Ямар нөхцөлтэй зээл вэ. Шинээр барих орон сууцны газрыг  сонгосон уу. Барилгын ажлыг хэзээнээс эхлүүлэх боломжтой вэ?

-“Буянт-Ухаа 2” хорооллын хоёрдугаар ээлжийн барилгатай харалдаа байхаар төлөвлөсөн. Богино хугацаанд ойлголцож чадвал ирэх намраас  эсвэл 2020 оны хавраас барилгын  ажлыг эхлүүлнэ. Уг зээлийг 30 жилийн хугацаатай, гурван хувийн хүүтэйгээр авах юм. Эхний дөрвөн жил хүүгүй,  дараагийн арван жил хоёр, сүүлдээ гурван хувь болж өснө.  Энэ хугацаанд бид эргэн төлөлтийг хангалттай төлөхөөс гадна үүнтэй холбоотой мөнгөн хуримтлалаар дахин шинээр орон сууц барих боломжтой гэж харж байгаа.

Эх сурвалж:itoim.mn

tШинэ мэдээ
Маргааш жолооны үнэмлэх авах, сэргээх өдөрлөг Сүхбаатарын талбайд болно Өчигдөр: 16 цаг 13 минутанд Дипломат консул та Монгол Улсын хуулийг дагаж мөрдөнө үү Өчигдөр: 14 цаг 32 минутанд 30 гаруй цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоохоор болжээ Өчигдөр: 14 цаг 01 минутанд А амин дэмийг өрхийн эмнэлгүүдээр олгож эхэллээ Өчигдөр: 12 цаг 43 минутанд Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл 27-нд дуусна Өчигдөр: 10 цаг 13 минутанд Австралийн тэрбумтан бүх хөрөнгөө сайн үйлсэд хандивлана Өчигдөр: 10 цаг 06 минутанд Ажлаас гарсан ч, халагдсан ч тэтгэмж авна Өчигдөр: 09 цаг 57 минутанд Цагдаагийн хотхон-Амгалан орон сууцны хороолол хүртэлх авто замын ажил эхэллээ Өчигдөр: 09 цаг 20 минутанд Б.Баатархүү: Гурван хүүхдийг хайрцагт хийж тээвэрлэхийг завджээ гэдэг нь худал мэдээлэл Өчигдөр: 09 цаг 09 минутанд Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд Өчигдөр: 09 цаг 01 минутанд
tИх уншсан
Top